Өгий нуур. Рамсарын конвенцид данстай тус нууранд 200 гаруй зүйлийн нүүдлийн шувуу ирж үрждэг гэхээр олон улсын ач холбогдолтой газар гэдэг нь ойлгомжтой. Тийм ч учраас энд ЖАЙКА байгууллагын санхүүжилтээр Байгаль орчны мэдээллийн төв байгуулж, Японы өнөөгийн эзэн хаан 10 гаруй жилийн өмнө айлчилж байв. Миний бие энэ эзэн хаанд Өгий нуурын эрэгт орчуулга хийгээд зогсож байлаа гэж...

Өнөөдөр энд монголчууд ёстой утгаараа шавжээ. Усны шувууд нь дайжчихаж. Хэдэн реликт цахлай л харагдана. Нуур тойроод машин, хүн, асар. Харин хог ил задгай хаях нь гайгүй байна.

Мэдээллийн төвөөр орлоо. Эндхийн захирал Эрдэнэтуяа байна. Арваад жилийн дараа баяртай уулзалдаж буй нь энэ. Нуурын усны хэмжээ нэмэгдэж, гүн нь 20 метрт хүрчээ. Хөгшин Орхоноос шуудуу татан нуур руу урсган оруулах төсөл хэрэгжих гэж буйг дууллаа. Нуурын эрэгт хэт ойртож буй машиныг цэгцлэх, хүн нэвтрэх газрыг хязгаарлан бүсчлэх, гаргасан хогоо аваад буцдаг болгох гэх мэт асуудлыг бид ярилцав. Эрдэнэтуяа бүсгүй мөн нуурын шувуу, загасны судалгаа хийлгэж байгаагаа хэлээд маргаашнаас хогоо ачуулна гэж өгүүлэв.

Өгий нуурынхаа бүлээн зөөлөн усанд нь умбаж шумбаад, хүүхдүүддээ төвийн мэдээллийг тайлбарлууллаа.

Ай даа, хатан Өгий минь дээ. Усны шувуугүй чамайгаа харах юутай уйтай.