Өнөөдөр Наурызын баяр. Казах түмэндээ баярын мэнд хүргэе. Казахууд шашин, хэл ондоо ч монголчуудтай эртнээс хөрш зэрэгцээ нутаглаж ирсэн нүүдэлчин түмэн. Кумз хэмээх айргаа ууж, домбор хэмээх хөгжмөө барин суусан казахуудын гэрт зочлох сайхан. Казах айл газар дэвссэн алчуур дээр бүх хоолоо дэлгэж тавиад зочноо дайлна. Ийнхүү дайлуулж Баян-Өлгийн Алтай сумын Далайханы гэрт суухдаа “Кулан” хэмээх домбрын аялгууг сонссоноо, домбрын үүслийн домгийг дуулснаа хуваалцсу.

“Монголын хаан хайртай хөвүүнээ аянд явуулжээ. Хүү нь чихитэй буюу хулангийн ан хийж байгаад бэртэн амь үрэгдэв. Хаан муу мэдээ дуулгасан хүнийг цаазлан хорооно гэсэн учир хүүгийн үхлийг хэлэх зоригтон гарсангүй. Харин нэгэн домборчин би “Оролдоод үзье” гэжээ. Домборчин “Кулан” гэдэг ая тоглоно гээд газар дээр нь зохион хөгжимдөв. Хөгжим эрчимжсээр, хурд нь нэмэгдсээр ав хоморгыг дүрслэн аялгуулсаар. Гэнэт суларч, дотоод сэтгэлийн уй гашууг илэрхийлж эхлэв. Хааны царай барайн уйтай болоод хөгжим дууссаны дараа “Хүү минь энэ хорвоогийн хүн биш болж. Алив наад хөгжмөө өг, би цаазлан шийтгэнэ“ гээд тугалга хайлуулан, домбрын их биед цутгав. Домбор хэмээх хөгжим ийнхүү цар дээрээ нүхтэй болсон домогтой.

Ай кулан, кулан. Домбрын аялгуу зүрхийг аргадна.