Иран гаралтай монгол тамирчин Сайд Моллай мөнгөн медал авч биднийг баярлуулав. Бид Моллай гэдгийг сольж, Молом гэж чихэнд дасал болсон түвэд нэрийг энэ хүнд өгсөн. Гоё л нэр.

Молом биднийг Иран хэмээх биднээс ялгаатай соёлыг сонирхоход хүргэв. 9-р сард хичээл эхлэхээр энэ соёлын талаар багш нар хүүхдүүдэд хэлж өгөөсэй. Учир нь 21-р зууны нэгэн чухал чадвар бол ялгаатай соёл иргэншлийг ойлгож, зэрэгцэн оршиж, тэдэнтэй хоршин өөрийн соёлыг эрхэмлэхэд оршдог.

Ари хүний нутаг хэмээх утгатай Иран. Эртний Персийн өлгий нутаг. Грекүүдтэй байлдсан түүхийг манайхан 300 кино, Плутарх, Херодотын бүтээлүүдээс мэднэ. "Шахнамен" хэмээх туурь гэмээр агуу туульсыг үлдээсэн ард түмэн. Рустан гэдэг том баатар өөрийн хүүгээ танилгүй Туран буюу туркуудын дунд өссөн ганц хүүгээ тулалдаанд алчихдаг. Тэгж их хайрлаж, тоосон дайснаа бурхдын тусламжаар дарчхаад сайхан залуугийн цогцсыг хүүгээ гэж мэдээд хайрлан тэвэрч хайлах тэр агшин хичнээн эмгэнэлтэй.

Иран. Ил хаадын нутаг. Монголын эзэнт гүрний баруун хязгаар. "Судрын чуулган"-ыг персээр бичиж үлдээсэн ард түмэн. Энэ агуу бүтээл бидний өвөг дээдсийн бахархам үйлсийг бодитоор тэмдэглэн үлдээсэн түүхийн хосгүй бүтээл.

Иран. Исламын хувьсгалыг хийж, Америктай тэрсэлдэж буй бүс нутгийн их гүрэн. Цөмийн хөтөлбөрөөсөө болж худалдааны хоригт олон жил хашигдаж буй том улс. Цөмийн байгууламжуудыг нь Америкийн захиалгаар Израйль улс байнга пуужингаар харвадаг. Хэдэн жилийн өмнө Израйлийн МОСАД байгууллага хиймэл оюун ухааны удирдлагатай зэвсгээр цөмийн хөтөлбөрийг нь удирдаж байсан эрдэмтнийг эхнэрийнх нь дэргэд буудаж хороосныг олон улсын мэдээ сонирхдог улсууд мэдэж байгаа байх. Ираны исламын хувьсгалын тухай Холливудын нэг аймаар кино байдаг даа. АНУ-ын элчин сайдын яаманд хоргодсон иргэдээ хилээ нууцаар авч гардаг тухай. Нэрийг нь мартаж. Доор коментоор бичиж үлдээгээрэй. "Урт өдрийн улиг үгний бичиг" гэдэг шиг хэт ихийг нуршаад яах вэ. Ингээд зогсъё.