“Иогийн сэтгэлээр сонгуульд” номын нээлтэд анх уригдсанаас хойш хоёр сарыг үджээ. Танилцуулж бичнэ гэж бодсоор явсан ч баахан удсан нь уг номын нэг баатар болсноо өөрөө зарлахаас цааргалсан тал байв. Номд бичигдэнэ гэдэг ичмээр ч юм шиг. Гэхдээ болоод өнгөрсөн үйл явдлууд. 2020 оны 10-р сарын орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг ойроос ажигласан хоёр сайн дурын ажилтны тэмдэглэл, зургийн цомог энэхүү номд багтжээ. Сонгуульд санал өгч оролцох, өөрийн сайн дураар нэр дэвшигчээ дэмжиж ажиллана гэдэг ямар зүйл байдгийг уг номоос уншаарай. Нэг амьсгаагаар газар тавилгүй уншчихдаг сонирхолтой бүтээл гэж байдаг. Энэ бүтээл бол тийм.Олны хүчийг оломгүй далай болгохын тулд олны сэтгэлийг хурааж, зөв замаар урагшлах нь улс төрчийн замнал гэж би боддог. Улс төрийг олон нийтэд энгийн сонгогчийн нүдээр хүргэж буй иогч хоёр дүүдээ (Гэрэлчимэг Доржсүрэн, Пүрэвдалай) баяр хүргэж, амжилт хүсье. Цаашдын уран бүтээл нь арвин байг!