Хар багаас нөхөрлөсөн Гэрэлтөвийнхөө (Gereltuv Dashdoorov) орчуулсан хоёр дахь бүтээл “Монголын онгон байгальд” бүтээлийг хагас, бүтэн сайнд сууж амтархан уншлаа. Жорж Шаллер хэмээх дэлхийд нэртэй зоологич Монголд 1988-2018 оны хооронд 17 удаа ирэхдээ тэрлэсэн тэмдэглэлээсээ энэхүү бүтээлийг бичжээ. Шаллер эдүгээ 90 дөхөж яваа хүн юм байна. Энэ хүн Африкийн уулын горилла, арслан, ирвэс, Хятадын панда, Монголын мазаалай, цоохор ирвэс, хавтгай, цагаан зээр гээд дэлхийн хэмжээнд анхаарал татсан амьтдыг судалж, эрдэм шинжилгээний өгүүллээс гадна олон нийтэд зориулсан хялбаршуулсан бүтээл гаргсан нь олон улсад нэртэй ажээ.

    Номд өөрчлөн байгуулалт өрнөсөн социалист Монгол, 2018 оны Монголын төрх байдлыг дүрсэлжээ. Байгаль орчны салбарт ажиллаж ирсэн миний хувьд сайн таних, нэр зүс мэдэх олон хүний нэр гарч байна. Шаллер зөвхөн зоологичийн нүдээр байгаль, амьтнаа яриад зогсохгүй, Монголын түүх, уулзаж учирсан монголчуудынхаа тухай элгэмсүү хүүрнэжээ. Аль 1990 онд мазаалай, ирвэс зэрэгт хүзүүвч зүүж, тэдгээрийн дэлхэц нутаг, үйл хөдөлгөөнийг судалсан нь шинжлэх ухааны хувьд ч өндөр ач холбогдолтой болсон байна. Нэг мазаалай гэхэд л Европын тивийн тэн хагастай тэнцэх нутагт сарын дотор эргэлдсэн байх жишээтэй.

   Гэрэлтөвийн орчуулга үнэхээр сайн болжээ. Сайн орчуулга ойлгомжтой, саадгүй хөвөрсөн, санаагаа бүрэн илэрхийлсэн, уг эх нь угаас гадаадаар бичигдээгүй  юм шиг шинжтэй байдаг. Түүний орчуулга тийм байна. Заримдаа энэ Шаллер анхнаасаа монгол хэлээр бичсэн юм биш байгаа гэж "сэжиглэмээр". Андынхаа дараа дараагийн бүтээлд амжилт хүсье.