Омикрон хэмээх энэ хувилбар өмнөх хувилбаруудаа бодвол харьцангуй гайгүй нь үнэн бололтой. Гурав хоног орчим халуураад хоолой өвдөөд ярихад хүндрэлтэй болж байна. Түүний дараа халуун намжиж, хоолойны зовиур үлдэнэ. Амтлах, үнэрлэх чадвараа айхтар алдсангүй. Толгой өвдөх зовиур бас илэрнэ. Өвчилсөн хүн ямар л олиг байх вэ. Өрхийн эмнэлгээсээ эм авлаа. Багцад нь байсан уламжлалт тан алга болжээ.

4 дэх тунгаа хийлгэмэгцээ өвдсөн учир антибиотек уу гэж эмч зөвлөсөнгүй. Хоолой идээлээгүй, уушги руу ороогүй тохиолдолд антибиотек шаардлагагүй. Өнөөдөр 13-р хорооллын хувийн эмнэлэг оров. Уушгиа рентгендүүлэв. Асуудалгүй байна. “Гадуур вирусын гаралтай томуу, омикрон хоёр зэрэг дэгдэж байна. Омикрон өмнөх дельтаг бодвол уушги барьдаггүй, арай хөнгөн. Вирусын эсрэг эм, витаминуудаа уухад хангалттай” гэж эмч хэлэв.

Рентгегдүүлэхэд 40 мянга, эмчид үзүүлэхэд 40 мянга, нэмэлт эм тан оношлуур гээд мөнгө талийж байна даа. Чанга юм. Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж байгаа биз дээ? Эмнэлгүүдээ яаралтай сонгон шалгаруулж, даатгал үйлчилдэг болгохгүй бол иргэд хувийн эмнэлэгт 100 хувь зардлаа төлсөөр хохирч байна.

Эрүүл мэндийн даатгал төлсөн л бол хувь хувьсгал ялгалгүй даатгалын хөнгөлөлт эдлэх ёстой шүү дээ.