Дэлхийн Күросава Акира (黒澤明 1910-1998)-гийн "Эрэлхэг долоон самүраи" (1954) гэдэг гайхалтай бүтээл бий.

Үйл явдал нь энгийн. 1580-аад оны Японы нэгэн тосгон. Хот тосгодыг цэргийн бүлэглэлүүд дээрэмдэж, өлсгөлөн нүүрлэсэн байлдаант үе. Нэгэн  тосгон дээрэмчдийг хөөхийн тулд долоон самүраи хөлсөлнө. Тэд тосгоныхныг зохион байгуулалтад оруулж, аадар бороотой өдөр болсон хүч тэнцвэргүй тулаанд дээрэмчдийг бут цохидог.

Уг тулаанд дөрвөн самүраи амь үрэгдэнэ. Кинонд хүн бүрийн зан араншин, үзэл бодол илэрдэг. Бороотой өдрийн тулалдааны зураг авалт гайхамшигтай. Киноны төгсгөлд энх тайван цагийг авчирсан тариачид баярлаж, дуу дуулалдан будаагаа тарьж байгаа дүрс гарна.

Амьд үлдсэн нэг самүраи нь: "Энэ удаад ч ялагдлаа" гээд гайхан харсан нөгөөхдөө хандан "Энэ тариачид яллаа, бид биш" гэдэг.

Нийгмийн сайн сайхны төлөө зүтгэсэн баатрууд ийм л байдаг. Киноны хөгжим гуниг агуулсан ч сүрлэг, уянгалаг. Дэлхийн шилдэг 100 кинонд багтдаг уг киног япон хэлээр үзэхийг санал болгоё.