Домгийн амьтан бол уран сэтгэхүйн гайхамшиг. Тэнгүг танилцуулъя. Тэнгэрийн нохой (天狗) гэсэн утгатай ханз үсгээр бичнэ. Нохой толгой, буратино шиг урт хамар, бүргэдийн жигүүр, заримдаа шувуун хошуутай ч дүрсэлнэ. Урт хамартай болсон нь 1530-аад оноос Японд орж ирсэн Иезутын нийгэмлэгийн миссионеруудаас улбаатай гэдэг. Өрнө дахины өндөр хамартай хүнийг анх харсан япончууд домгийн амьтандаа хамрыг нь хайрласан хэрэг.  Тэнгү нарыг хүний ертөнц, далдын ертөнцийг холбож, уул, усыг сахих савдаг хэмээн үзнэ. Тэд бас нисэн дүүлэх, жад шидэх, сэлэм эргүүлэх зэвсгийн эрдэмд гарамгай гэнэ. Цаг эргэж, бошги халах үймээн гарахад тэнгү нар эхлүүлсэн гэж домоглоно. Японыг өмнөд умард төрд хувааж иргэний дайн эхлүүлсэн Готоба хааны бослогод (1221 он) тэнгү нар оролцсон гэж "Таихэики моногатари" хэмээх түүхэн туужид дурддаг. Бидний сайн мэдэх Киану Рийвсийн тоглосон "47 роонин" кинонд Киануд нууц зэвсгийн эрдмийг тэнгү нар зааж байх жишээтэй. Японы Камакүрагийн эринийг эхлүүлэх түүхэн үүргийг гүйцэтгэсэн морин цэргийн гарамгай жанжин Минамотоно Ёшицүнэ (1159-1189) Киотогийн Күрамаяма уулын хийдэд өссөн бөгөөд түүнд зэвсгийн нууц эрдмийг мөн л тэнгү нар заасан гэлцдэг. Миний бие Киотогийн их сургуульд сурч байхдаа нөхдийн хамт Күрамаямад авирсан юм. Үнэхээр л хөвдөнд даруулсан уг уул ариун дагшин бас догшин газар шиг мэдрэмж төрүүлж билээ. Уул усыг сахидаг лус, савдгийн тухай домог яриагаараа монголчуудтай хамгийн төстэй үндэстэн бол япончууд шиг санагддаг.