Өнөөдөр Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын мэндэлсэн өдөр. Тэрбээр 87 насыг зооглож байна. Дээрхийн гэгээнтэн буддизмыг, ламайзмыг өрнө дахинд таниулахын сацуу хүн бүрийн сэтгэл зүрхэнд тайван амгалан оршсоноор дэлхий ертөнцөд энхтайван тогтоно гэж номлодог. Түүний энхтайвны төлөөх зүтгэлийг үнэлж, Нобелийн энхтайвны шагналыг хүртээсэн билээ.

2014 онд Далай багшийг Монголд морилоход номонд нь сууж үзсэнээ ер мартдаггүй юм. Түвэдийн шарын шашин бурангуйг номлодог гэж манай зарим сэхээтэн шүүмжилдэг ч Дээрхийн гэгээнтэн мухар сүсэг биш гэгээрэхүйн талаар логиктой,  шинжлэх ухаанчаар ярихыг нүдээр үзэж, чихээр сонссон билээ. СТӨ-ний урдуур суудалд манай лам нар хамаг л байдаг үнэтэй цайтай дээлээрээ гоёчихсон суухад Дээрхийн гэгээнтэн монголчууд бидний мухар сүсгийг ил тод шүүмжилж байв. Дээрхийн гэгээнтэн мөн, хүмүүнлэг чанаргүй шинжлэх ухаан, мэдлэгийг шүүмжилж, үүнийг засахад буддизм чухал үүрэгтэйг айлдаж байсан билээ.

1959 онд 24 насандаа Түвэд орноосоо дүрвэж, Дармасалад өнөөдрийг хүртэл заларч суугаа 14-р Далай лам. Жанрайсэг бурхны амилсан дүр гэж сүсэгтэн олон түүнийг бишрэн шүтдэг. Жанрайсэг буюу Бодисадва нь энэ хорвоогийн шуналын нисванаас бүрэн чөлөөлөгдөж, бурхны хутаг буюу нирваанд хүрэх боломжтой болсон ч замбуулингийн олон зовсон амьтныг хараад сайн дураараа тэднийг аварч гэтэлгэхийн тулд энэ ертөнцөд заларсан гэгддэг. Тиймээс түүнийг дээдийн энэрэнгүй сэтгэлийн биелэл гэж үздэг буюу. Далай багшийн ийм сэтгэлийг бодох бүрийд сүсэгтэн олонд ч энэрэх сэтгэл биежиж, бишрэл хүндлэл төрдөг учиртай. Дээрхийн гэгээнтний шавдан бат болтугай!