Дайнгүй энхтайван цагийг бүтээх нь бидний үүрэг гэж боддог. Япончууд ХХ зууны эхэн хагаст дайны гамшиг зовлонг хангалттай үзсэн ард түмэн. Тиймдээ ч энхтайванч боловсролд их анхаардаг. Дунд сургуулийн 1-р ангийн сурах бичигт 1987 оноос хойш орсон нэгэн өгүүллэгийг 1996 онд миний бие орчуулж байснаа дахин нийтлэв. 2-р курсын оюутан байхдаа орчуулаад хүүхдийн "Би, би, би” сонинд хэвлүүлж байв. Тухайн үед Ж.Дашдондог гуай эрхлэгчээр нь ажиллаж байсан. Нэлээд олзуурхан хэвлэж өгч байж билээ. Дайны гамшгийг өгүүлсэн Ж.Доннелийн "Цогцос шатаах газрын гадаа зогсох хөвүүн" (1945) зургийг мөн орууллаа. Нас барсан дүүгээ үүрээд ирсэн нэр нь үл мэдэгдэх хөвгүүн. Дайны гамшгаас хойч үе минь хол байг.

Том хүн болж чадаагүй дүү нартаа...Ёнэкүра Масаканэ

Миний дүүг Хириоюки гэдэг. Намайг бага сургуулийн 4-р ангид байхад төрсөн юм. Аав маань дайнд явчихсан. Номхон далайн дайн ид дүрэлзэж байсан үе. Бараг өдөр бүр Америкийн В-29 бөмбөгдөгч онгоц агаараас бөмбөгдөх тул орой болохоор газар гэрт орж унтана. Газар гэр гэдэг нь ээж бид хоёрын гэрийнхээ шалны доор ухаж гаргасан гэрийнхэн л сууж багтах жижиг нүх юм л даа. Манай гэрийнхэн тавуул. Аав дайнд яваад эзгүй,  ээж, би, эмээ, охин дүү, эрэгтэй дүү бид хэд л байлаа. Бүстэй дүү маань төрөөд удаагүй боловч ерөөсөө уйлахгүй ганцаараа тайван унтаж байдагсан. Тэр үед идэх юм хомс байлаа. Ээж бидэнд өгөөд өөрөө бараг юм иддэггүй байсан тул хөх нь сүүгүй болж Хироюкийг хооллож чадахгүй болов. Хироюкид шингэн цагаан будааны шүүс, ямааны сүү холоос худалдаж авчран өгдөг байлаа. Гэвч хааяа картын бараа ирэхэд ганц лааз сүү байх. Энэ бол Хироюкигийн хамгийн чухал, хамгийн гол хоол нь байлаа. Уншигч авгай та үл ойлгон жигшин зэвүүцэж ч магад. Гэвч тэр үед чихэр, шоколад, мөхөөлдөс ч байхгүй ер амттан нүдний гэм байсан цаг. Өлөн зэлмүүн надад амттайгаас амттай, чихэрлэг, дүүгийн уудаг сүү арааны шүлс асгаруулам байлаа. Ээж энэ сүү Хироюкигийн чинь гол хоол нь тул битгий уугаарай гэж их захисан боловч би тэссэнгүй сүүг хулгайгаар ууж орхив. Дараа нь бас тэссэнгүй хэд хэдэн удаа нууцаар уулаа. Би дүүгээ ихэд өрөвдөж өөрийгөө тун муухай юм хийж байгаагаа мэдэж байсан ч дүүгийнхээ сүүнээс уучихлаа.

Бөмбөгдөлт ширүүссэн тул ээж нүүхээр шийдэж, нэг өдөр эмээ, дөрвөн настай охин дүү хоёрыг гэртээ үлдээгээд Хироюкийг үүрэн надтай хамт гурвуул хөдөө байдаг хамаатных руугаа явлаа. Гэвч хамаатны хүн ээж бид гуравтай уулзуутаа манайд илүүчлэх идэх юм алга гэв. Бид хоол гуйж очоогүй нүүх тухайгаа л зөвлөн ярилцаж туслахыг хүсэж очсон билээ. Ээж түүний үгийг нь сонсоод надад “Харья” гэж хэлснээ шийдмэг эргэн алхав. Би тэр агшны ээжийн зоригтой шийдмэг авч гунигтай царайг ер мартдаггүй юм. Би тийм үзэсгэлэнтэй царайг ер үзээгүй. Үр хүүхэд биднийгээ үхэн үхтлээ хайрлан хамгаалах чин зоригт ижийн минь царай тэр үед тун үзэсгэлэнтэй харагдаж билээ. Үүнийг нэхэн санах бүрт одоо хүртэл цээжний гүнд нэг л дотно зөөлөн мэдрэгдэх авай.

Удалгүй ээж уулын тосгоны нэгэн сайн санаат хүнийг гуйж нүүх газраа товлов. Зайлшгүй шаардлагатай зүйлсээ л авсан боловч морин тэрэг дүүрэн ачаа болов. Бид цөмөөрөө ачаан дээрээ суугаад өглөө эрт өмнө зүгийг чиглэн Фүкүокагаас хорь орчим километрт орших Ишигама хэмээх уулын тосгон хүрэхээр морин тэрэгний зөөлөн донсолгоонд бүүвэйлэгдэн аяллаа эхэллээ. Морин тэргэн дээрээ үдийн хоолоо идэж их үдийн алдад нарийн хавцлаар урсах гол дээгүүр тавьсан гүүрээр гарахад тэртээ доорх голын тунгалаг уснаа хулд загас бужигналдаж тоорын мод цэцэглэсэн уулын тосгон хөх тэнгэр нүд баясган жигүүртэн шувуудын шулганаан сонор мялаана.

Биднийг тосон буй хүнд хүчир амьдралыг ухаарах болоогүй балчирхан байсан болоод ч тэр үү, би тэр үед өдөр бүр хулд загас барьж ээжийгээ баярлуулна гэж бүр сэтгэл хөөрөн бодож байлаа. Биднийг нүүхэд тусалсан тариачных арынх нь уул дээрээс нь дарж ойчих нь уу гэмээр тонгойсон уулын хормойд байдаг ажээ. Тэр тариачны хашааны өөдөөс харсан жижиг байшинг бид хөлслөн суух болов. Гэрийн өмнө талаар гол урсах бөгөөд хүчтэй бороотой үед амархан үерлэх тул голын доод биеэрх гүүрээр гарч сургуульдаа явах бөлгөө. Ээж маань тариан талбайн ажилд тусалж өдрийн хоолонд өгсөн юмнаасаа илүүчилж бидэнд авчирж өгнө. Дүрвэж ирсэн бидэнд картын бараа өгөхгүй учир ээж өөрийнхөө хувцаснаасаа тэр хавийн тариачдаас гуйж будаагаар сольдог байв.

Энд ч бас Хироюкид сүү олдохгүй байлаа. Зэргэлдээ тосгонд ямаатай айл бийг сонсоод ээж кимоногоо вааданд боогоод явлаа. Ээжийн кимоно байхгүй болов. Би Хироюкигоо тэврээд гол дээр очиж тоглоно. Урьд нь эрэгтэй дүүтэй болохыг мөрөөддөг байсан тул Хироюкидээ жигтэйхэн хайртай байлаа.

Гэтэл Хироюки өвдөж бид түүнийг тосгоноос арваад километр зайтай хотын эмнэлэгт аваачиж хэвтүүлэв. Би өдөр бүр хичээлээсээ ирээд эмээгийн бэлтгэж тавьсан хүнсийг аван ээж дүү хоёрынхоо хэвтэж буй эмнэлэгт автобусаар очдог байлаа. Арав гаруй хоноод Хироюки нас барав. Чийдэнгийн бүдэг гэрлийн доор бяцхан аманд нь хөвөнд ус шингээн уулгаж байсан тэр шөнийг ер мартдаггүй юм. Дүү маань уйлах ч үгүй ээж бид хоёрын гар дээр тайван мөнх нойрслоо. Дүүгийн минь амийг авч явсан тэр аймшигт өвчин юу вэ? Ай халаг, ямар ч өвчин биш ердөө тэжээлийн дутагдал...

Талийгаач болсон дүүг минь ээж тэвэрч би нэг гартаа данх, нөгөө гартаа Хироюкигийн юмыг хийсэн вааданг бариад гэртээ харилаа. Зам даган гурвуул уулын тосгоны зүг алхлаа. Автобус явж байсан ч нас барсан дүүг минь тэвэрч яваадаа ч тэр юм уу, хүн амьтнаас зайлсхийж унаанд суусангүй арваад километр газар явган алхаж билээ. Тэнгэр цэв цэлмэг, В-29-ийн хүнгэнэх дуу орчны нам гүмийг эвдэж хөх тэнгэрт онгоцны их бие хурц өнгөөр сүртэйеэ гялалзана. Зам, тариан талбайд нэг ч хүн үл үзэгдэх агаад алхаж яваа гурван хүн л тэртээ холоос бүртэлзэж харагдана. Ээж Хироюкигийн нүүрэн дээр суусан ялааг гараараа үргээнгээ “Хироюки, ээж, ах, эмч, сувилагч нарынхаа асрамжид байгаад нас барсан нь азтай хэрэг. Бөмбөгдөлтөд өртсөн бол бүгд үхчих болохоор хэцүү шүү дээ”. Гэрт эмээ, охин дүү хоёр уйлчихсан хүлээж байв.

Бидэнд өрөө хөлслүүлсөн тариачин өвөө хэдэн банз тайрч жижиг авс хийж өглөө. Ээж бид хоёр дүүг тэр бяцхан авсанд хэвтүүлэхэд дүү маань хэдийгээр балчир өчүүхэн боловч авс нь жижигдээд орсонгүй. Ээж чичигнэсэн хоолойгоор “Хүү минь ямар том болсон байж вэ?” гээд өвдгийг нь нугалан авсанд хийв. Энэ үед л ээж анх удаагаа уйллаа.

Аав маань дайнд явсных нь дараахан мэндэлсэн Хироюкигээ нэг ч удаа харж чадсангүй. Дүүг нас барснаас хойш ес хоногийн дараа 8 сарын 6-нд Хирошимад атомын бөмбөг хаялаа. Гурав хоногийн дараа Нагасакид бас... Түүнээс хойш зургаан хоногийн дараа 1945 оны 8 дугаар сарын 15-нд дайн дууслаа. Би дүүгийнхээ үхэл, тэр үеийн өлсгөлөнг хэзээ ч мартаж чаддаггүй юм.

Тайлбар: Номхон далайн дайн – Дэлхийн 2-р дайны үеэр АНУ, Японы хооронд болсон дайн. 1941 оны 12 сараас 1945 оны 8 сар хүртэл үргэлжилжээ. Энэ өгүүллэг нь зохиогчийн өөрийнх нь туулж өнгөрүүлсэн бодит амьдрал бөгөөд дайны гай гамшгийг элэг эмтрэм дүрслэн үзүүлснээрээ сургамжтай юм.

Орчуулсан П. Наранбаяр

1996 оны 9 дүгээр сарын 6