Миний хүндэлдэг улс төрийн философич, Харвардын профессор Майкл Сандел сайн боловсрол эзэмшсэн, баян чинээлэг элит хэсэг нь бусад хэсгээ ялган гадуурхсан эрин үе гэж эдүгээг тодорхойлжээ.

Сандел цааш нь хэлэхдээ энэ бүхнийг ул үндсээр нь засаж болох санааг алдарт Мартин Лютер Кинг хэлсэн гэв. "All labor has dignity".  Кинг хотын хогны машины жолооч нарын цугларалтад очихдоо "Миний бодоход хог цэвэрлэдэг улсууд ч эмч шиг туйлын чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүх хөдөлмөрт өөрийн эрхэм чанар бий" гэжээ.

Ковид тахал улс орныг нүүрлэсэн үед эмч, сувилагч, асрагч, хүргэлтийн үйлчилгээнийхэн, худалдагч, цагдаа, төрийн албаныхан, цэвэрлэгч, хог тээвэрлэгч гээд бидний өдөр тутмын амьдралд тэр бүр анзаараад байдаггүй олон ажил мэргэжлийн хүмүүсийн хөдөлмөрийн үнэ цэнэ, хувь нэмрийг бид бүгдээрээ хүртсэн билээ.

Хүн ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй, ямар хөдөлмөр эрхэлж буй нь нийгмийн ялгарал үүсгэх учиргүй. Учир нь бүх хөдөлмөр өөрийн эрхэм чанартай. Бүх оршихуй өөрийн үнэ цэнэ, тус нэмэртэй. Үл алагчлахад хөдөлмөрийн үнэ цэнэ оршино.