Өнгөрсөн жилийн 11-р сарын 21-нд "Прокрустын ор" хэмээх хэллэгийг ашиглан миний бие хувийн сургуулийг тойрсон асуудлыг хөндөж байжээ. 2022 оны байдлаар хувийн хэвшлийн 167 сургуульд 54 мянган хүүхэд суралцаж, 5700 гаруй багш ажилчид ажиллаж байна. Эдгээр хувийн сургуулийг хавчих, хаах нь тулгамдсан асуудал биш юм аа.  Боловсролын салбарт чухам ямар асуудал тулгамдаад байна вэ? Олон байгаагаас 3-ыг нь дурдъя.

1. Багш. Тоо чанарын хувьд энэ чинь асуудал болоод байна. Багшийн чадварыг тэртээ тэргүй нийгэм мэдэж байгаа. Харин 2030 он гэхэд 20 гаруй мянган багш дутагдах аюул нүүрлэж байгааг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Багш бэлдэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх, багшийн цалинг нэмэх асуудлаа юуны түрүүнд анхааръя.

2. Хөтөлбөр, сурах бичиг, бие даан суралцах боломж. Энэ хүрээнд цахим сургалтын орчин бүрдүүлэх ажил ч хамаарна. Орлогын ялгаатай байдлаас болж, цахим сургалтаар бие даан хөгжих боломжийн ялгаа ноцтой байдалд хүрснийг төр анхаарах ёстой.

3. Хүүхдийг амьдралд бэлдэх ерөнхий боловсролын үүрэг алдагдаад байна. Ахлах сургуулийг төрөлжүүлж, их дээд сургуульд элсэн суралцахаас гадна хөдөлмөрийн зах зээлд шууд бэлтгэгдэн гарах боломжийг олгох нь чухал. Их дээд сургуулийг зоригчийн ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэх нь дээд боловсролыг чанаржуулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Харин бусад хүүхдийн тухайд ахлах сургууль нь заавал эзэмших суурь боловсрол бус сонголт гэдгийг анхаарч, нүүдлийн МАА, ХАА, Мэдээллийн технологи, Худалдаа үйлчилгээ гэсэн салбаруудад чанарлаг боловсон хүчин бэлдэн гаргадаг ахлах сургуулиудыг олноор нь байгуулах шаардлагатай юм