Цагийн дараа Бээжингийн өвлийн олимп нээлтээ хийнэ. Энэ удаагийн олимп омикрон хувилбар хүчтэй тархсан болон их гүрнүүдийн хоорондын харилцаа хүйтэрсэн үед болж байна. 2008 оны Бээжингийн олимпод 80 гаруй улсын төрийн тэргүүн ирж байсан бол энэ удаад Орос гэх мэт засаглалын хувьд ижил төстэй улс орнуудын өндөр албан тушаалтнууд оролцож, ардчилсан тогтолцоотой хөгжингүй орнууд Америкийн Жон Байдэн ерөнхийлөгчийн уриалгаар дипломат бойкот тавьж оролцсонгүй. Олон улсын нөхцөл байдал авторитар, ардчилсан гэсэн хоёр ертөнцөд хуваагдсаныг Бээжингийн өвлийн олимп харууллаа гэж барууны хэвлэл бичиж байна.

Олимпийн бамбарыг 1200 хүн өртөөлөн барьж гүйсний дотор 2020 онд болсон Хятад Энэтхэгийн хилийн мөргөлдөөнд оролцсон хилийн цэрэг байсан нь Энэтхэгийн эгдүүг хүргэжээ. Энэтхэгчүүд олимпийн нээлт хаалтад оролцохгүй, өвлийн олимпийг Энэтхэгийн телевизүүд нэвтрүүлэхгүй гэдгээ зарлав.Олимп бол энхтайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Энэ удаагийн олимп харамсалтай нь тэгж чадахгүй нь бололтой. Олимпийн өлгий эртний Грект олимпийн үеэр дайн тулаанаа зогсоож, энхтайвныг тогтоодог байжээ. 2008 оны Бээжингийн олимпийн нээлт болсон 8 сарын 8-ны 8 цагт Путин цэргээ Гүржид оруулж байсан түүхтэй. Энэ удаагийн өвлийн олимп эхлэх 8 цагт Украйны асуудал хурцдахгүй байх гэж найдна. Путин өөрөө Бээжинд оччихсон, нээлтэд оролцох гэж байна. Бээжин ч гэсэн олимпийн амжилт, энхтайвны бэлгэдлийг бодоод аливаа цэргийн ажиллагааг таашаахгүй. Манай Ерөнхий сайд сайн хөрш, түншлэгч улсын хувьд Бээжингийн олимпийн нээлтэд оролцоно. Хятадтай хэл амаа ололцож, сайн хөршийн харилцаа, стратегийн түншлэлээ бэхжүүлэх нь Монгол Улсын хувьд амин чухал ач холбогдолтой. Бээжингийн өвлийн олимпийн үеэр улс орнууд энхтайван, эв нэгдлийг эрхэмлээсэй.