Өнөөдөр "Аугаа их эх орны дайны ялалтын өдөр". Энэ нэр томъёог ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд, ЗХУ-ын холбоотон улсуудаас зөвхөн Монголд албан ёсоор байнга хэрэглэдэг. Америк, Англи, Хятад гэсэн холбоотнууд нь хэрэглэдэггүй. Зүгээр л "Германыг ялсны баяр", "Европын дайнд ялсны баяр" гэх мэтээр нэрлэдэг. Энэ ялалт бол дэлхийн 2-р дайныг дуусгах шийдвэрлэх үйл явдал байв. Түүний дараа 1945 оны 9-р сарын 2-нд АНУ болон холбоотнууд Японы эзэнт гүрнийг буулгаж авснаар Дэлхийн 2-р дайн албан ёсоор дууссан юм. Тэгэхээр Дэлхийн 2-р дайн дууссан гэдгээр нь бол 9-р сарын 2-ныг илүү өргөн тэмдэглэвэл зохилтой санагддаг.

Дэлхийн 2-р дайн албан ёсоор эхэлснийг судлаачид 1939 оны 9-р сард нацист Герман Польшид халдан довтолсноор эхэлсэн гэж үздэг. Польшид Германыг цөмөрмөгц ЗХУ Польшид мөн адил довтолсон нь түүхэн факт. Энэ утгаараа дэлхийн 2-р дайныг өдөөсөн хариуцлагын нэг хэсэг ЗХУ-д ч хамаатай. Харин 1941 оны 6-р сарын 22-нд Герман Харилцан үл довтлох гэрээгээ зөрчиж, ЗХУ-д цэрэглэсэн нь нацизм коммунизм хоёрыг хоёр талд гаргаж, нацизмыг сөнөөн дарах түүхэн үүргийг Сталинд оноожээ. Сталин ч нацизмын эсрэг тууштай байлдаж, ЗХУ-ын дэлхийн түүхэн дэх эерэг түүхийг бүтээв. 1944 онд АНУ Европын 2-р фронтыг нээх хүртэл ЗХУ эх газар дээр Английн Их Британийн арал дээрх дайныг эс тооцвол цэрэг армийн хувьд бараг дангаараа шахуу Германтай тулсан юм.

Эдүгээ түүхчид дэлхийн 2-р дайныг өдөөсөн гол улсуудаар нацист Герман, Итали, Японыг нэрлэдэг. Тэнхлэгийн орнууд ч гэдэг. Тэд шинэ газар нутаг, колонийг хүсэж дэлхийн энд тэндгүй дайныг дэгдээв. Үүний цаад шалтгаан нь хаалттай эдийн засгийн блокууд байв. Тийм ч учраас Дэлхийн 2-р дайны энэ гашуун сургамжийг давтахгүйн тулд Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, НҮБ зэрэг байгууллага үүссэн учиртай.

Путин 77 жилийн өмнө дууссан ЗХУ-Германы хоорондох дайны ялалтыг өөрийн засаглалын үзэл суртлын үндэс болгодог. 1939 онд Польшийг хуваан эзэлсэн түүхээ ч хав дарж, түүнийгээ “түүхийг гуйвуулахыг хориглох” гэсэн нэрийн доор хөрш улс орнууддаа сөхөхгүй байхыг тулгадаг. Нацист Германыг нугаслахад ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ үүний цаана коммунизм, нацизм гэсэн баруун, зүүний хэт даврагч дэглэм оршин байсныг шинэ үеийн монголчууд бид нэвт шувт харж байх учиртай.