Өглөө 5 цагт Good school-ын ажилтан Юндэндоржийн хамт Улаанбаатар хотоос 480 км зайд байрлах Архангай аймгийн Цэцэрлэг хотруу гарлаа. Зам гудас таван хошуу малтай таарсан нь завшаантай. Урин цаг ирэв үү гэмээр  гадаа дулаан, тэнгэр тогтуун. Цэцэрлэг хотод 0 градус хүртэл дулаарав. Нарийн бургасын гол урсаж буйг хараад гайхав. Уг нь дүн өвөл шүү дээ. Нүүр, толгойгоо шавшив. Цэцэрлэг хот Монгол улсын хамгийн дулаан хотуудын нэг ажээ. Тойроод халуун рашаан, сөнөсөн галт уултай нь ч нөлөөлдөг гэж засаг дарга Batjargal Mishka надад өгүүлэв.

Арын сайхан хангай...

Одоогоос 4000-8000 жилийн тэртээд хамаарах буган чулуун хөшөөний 80 орчим хувь нь энд байна. Байгаль нь тансаг, түүх нь эртний. Үүнийг түшиглэн эко аялал жуулчлал, боловсролыг хамтатгах тухай санааг засаг дарга Батжаргалд өгүүлэхэд ихэд хөхиүн хүлээн авч байна. Үгээ үйлдэл болгодог шинэ цагийн ажил хэрэгч залуу гэж би түүнийг хүндэлдэг.

Засаг даргатай бид гэрээ байгуулахаар өнөөдөр Цэцэрлэгт ирсэн юм. Архангай аймгийн төрийн өмчийн 22 сургуулийн 12-р ангийг төгсөх 890 хүүхдийн ЭЕШ-ын дундаж оноог ахиулах, Сайн сургуулийг таны дэргэд ТББ-раа дамжуулан байгалийн ухаан голлосон 6 хичээлийн хүрээнд бид хамтран ажиллах юм. 22 сургуулийн захирал, менежер, удирдлагын багтай зорилгынхоо талаар өнөөдөр чөлөөтэй ярилцлаа.

Хөгжилд хөтөлсөн бодлого, боловсорсон хүний суурь нь зөв хүмүүжил, сайн боловсрол юм.  Боловсролын тэгш хүртээмжийн төлөө!