Амралтын өдрөөр зохиол ярья. 2021 оны 9 дүгээр сард Кавабата Ясүнаригийн "Мянган тогоруу"-г орчуулан гаргаснаас хойш хагас жил болжээ. Уншигчид ч нэлээд байна. Мянган хүн уншаад мянган янзаар ойлгож байх шиг. Зарим нь ойлгосонгүй гэх. Сайн зохиолын шинж л дээ. Нодлин жил Клабхаус дээр уг нь нэлээд ярьсан юм. Гэвч бичлэг энэ тэр нь үлдсэнгүй. Тийм болохоор бичье.

Кавабата Ясүнари "Мянган тогоруу"-гаа 1949-1954 он хүртэл цувруулан бичжээ. Цайны ёслол, хэрэглэл, аяга, саваар дамжуулан хүний хорвоогийн эрээн бараан, дотоод сэтгэлийг дүрсэлснээрээ онцлог. Зохиолын гол дүр Митани Кикүжигийн Оота хатагтай, түүний охин Оота Фүмикотой тогтоосон зөвтгөж боломгүй харилцааг эдлэл хэрэглэлээр дамжуулан дүрсэлсэн нь гайхалтай. Миний харснаар цайны багш Чикакогоос бусад зохиолын баатрууд газрын хөрсөнд баттай гишгээгүй "хөвсөн" амьтад шиг санагдсан. Чикакогийн яриаг орчуулахад ч урамтай. Их амьдлаг дүр. Гэхдээ уг зохиол цайны ёслолыг ёжлон шүүмжилсэн нь Чикакогийн урсгалаараа хийж байгаа цайны ёслолын үйлдэл, ягшмал байдал , Кикүжигийн хэлж ярьж байгаагаагаас харагддаг. Энэ зохиол дуусаагүй. Анх Эдуард Сайденстикер англи хэлнээ зохиолын эхний хэсэг буюу "Мянган тогоруу"-г л орчуулжээ. Тиймээс миний бие "Мянган тогоруу"-г алдарт Сайденстикерийн орчуулгатай нь харгуулан хараад, дараагийн бүлэг болох "Давлагаат хиазат шувуу"-ны орос орчуулгыг олж аван харьцуулан орчуулсан юм.

Кавабата "Давлагаат хиазат шувуу"-гаа эхлүүлэхдээ л ариун нандины бэлгэдэл "мянган тогоруу"-ны эзэн Инамүра Юкиког Кикүжитэй суулгачихсан байгаагаар эхлүүлдэг. Энэ гэрлэлт эцэстээ Фүмиког яах вэ гэсэн мухардалд түлхэж орхив. Зохиолч санааныхаа мухарт Фүмиког алга хийх гэж оролдсон ч дийлэлгүй, түүний Кюүшюүгээс бичсэн захидлуудаар зохиолоо үргэлжлүүлжээ. Тэгсэн хэдий ч буруу өрөгдсөн тахилын үлгэрээр Кикүжи, Фүмико нарын дотоод сэтгэлийн зөрчилд зохиолч өөрөө хэрчигдсэн шиг санагддаг. Зохиолч зохиолынхоо баатруудыг яаж ч чадахаа байсан үед зохиолын судалгаагаа бичин хадгалсан чемодан нь зочид буудалд алга болсноор Кавабата ч цааш нь үргэлжлүүлэн бичихээ нэгмөсөн зогсоожээ.

Зохиолчид ер нь сонин улс. Зохиолын баатруудаа бодитой юм шиг болгочихдог. 10-аад жилийн өмнө Аюурзана зохиолчоос цаашдынх нь уран бүтээлийн талаар асуутал "Ольхон арал дээр нэг нөхрийг үлдээчихсэн. Тэгж байгаад нааш нь авчрахгүй бол болохгүй" гэж билээ. Дарма Батбаяр багш нэгэнтээ "Би "Цахилж яваа гөрөөс"-өө үргэлжлүүлэх гэж оролдсон юм. Гэтэл өнөөх Дэжид бүр гаанс түрийлчихээд эрчүүдтэй наймаа хэлэлцээд эхлэхээр нь больсон" гэж билээ. Баатрууд нь амилаад өөрөө өгүүлээд эхлэх гэдэг сайн зохиол, агуу зохиолчийн шинж. Лодойдамба гуай "Тунгалаг Тамир"-ын Хонгорыг үхүүлчихээд "Хонгор үхчихлээ" гэж уйлж суусан гэдэг.

Сайденстикерийн англи орчуулга үнэхээр гайхамшигтай. Кавабата Нобелийн шагналын мөнгөнийхөө талыг түүнд "Энэ бол орчуулагч чиний ч бүтээл" гэж үнэлээд өгсөн гэдэг. Тэрбээр Японы олон сонгодог бүтээлийг англи хэлнээ орчуулж, Стэнфорд, Колумбын их сургуульд багшлангаа япон судлал, утга зохиолын орчуулгад жинтэй хувь нэмэр оруулжээ. 2006 онд 85-тайдаа Японд бүрмөсөн суурьшсан ч дараа жил нь Кавабатагийн төгссөн Токиогийн их сургуулийн ойролцоох цөөрмийн дэргэд хальтарч унаад бэртлээ даалгүй 87 сүүдэртэйдээ хорвоог орхижээ. Агуу орчуулагч одоо дотнын анд Кавабата Ясүнаритайгаа тэнгэрийн оронд сархад хуваан суугаа биз ээ.

Itgel Maral Publishing