“Шинэ Монгол” сургуулийн захирал асан, НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр саяхан Кавабата Ясүнаригийн “Мянган тогоруу” зохиолыг орчуулж, хэвлүүлээд байна. Бидний нэрт бичгийн хүн Д.Батбаяр гуай амьд ахуйдаа түүнд эл зохиолыг орчуулаарай гэж захиж байжээ. Ийм ч учраас Зүүн Азийн анхны Нобелийн шагналтны эл зохиол П.Наранбаярын орчуулгаар, Д.Батбаяр гуайн гэгээн дурсгалд монгол уншигчдад хүрчээ


-Танд Д.Батбаяр гуай анх “Мянган тогоруу” зохиолыг санал болгосон тэр өдрийг эргэн дурсаж, ярилцлагаа эхлэх үү. Ямар яриа ийм сэдэв рүү хөтөлсөн юм бэ?

-2015 оны есдүгээр сард бид Дундговь аймгийн Дэлгэрхангай сум руу явсан юм. Тэгэхэд их ойртож, дотно танилцсан. Тэндээс эргэж ирээд Д.Батбаяр гуайг “Шинэ Монгол” сургуулийн Бодлогын зөвлөлийн даргаар урьсан юм. Тэр үед багш нийгмийн амьдралд оролцохоос илүү уран бүтээлдээ төвлөрдөг, чимээ имээгүй хэмнэлд орсон байсан ч манай саналыг хүлээж авсан. Ингээд тэр манай сургуулийн Бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж эхэлсэн. Бид ч аялалд гарах бүрдээ багшийг мартахгүй хамт авч явах болсон. Хамтдаа явахад бид уран зохиол, боловсролын чиглэлээр их ярилцана.

Нэг удаа 2018 онд байна уу, багш манай өрөөнд орж ирэн ярилцаад сууж байлаа. Би тэр үед дандаа түүхийн чиглэлийн ном орчуулж байсан л даа. Тэгэхэд “Юм орчуулах зүгээр ээ, сайн. Гэхдээ хүний юм хийсээр байгаад өөрийн юм хийж чадахаа больчих талтай. Кавабата Ясүнаригийн “Мянган тогоруу”-г орчуулчих. Түүний дараа миний хэлснийг бод” гэж хэлсэн. Кавабатад багш их дуртай л даа, байнга ярьж байдаг. Би болохоор түүний “Изүгийн бүжигч охин” зохиолыг нь оюутан байхдаа уншсан байсан, түүнээс өөрөөр Кавабатагийн ертөнц рүү орж үзээгүй.

Ингээд хожим Японд ажлаар явахдаа “Мянган тогоруу”-г олж авч уншсан ч “Барахгүй байх” гээд хаячихсан. Харин өвгөн ноднин өөд боллоо. Ёстой харамсдаг юм байна билээ, орчуулчихгүй яав даа гэж. Ингээд орчуулж, гаргалаа.

-“Өөрийн юм хийж чадахаа больдог талтай, гэхдээ “Мянган тогоруу”-г орчуулчих” гэсэн үгийг нь тухайн үед юу гэж ойлгож байв. Одоо орчуулж гаргасны дараа мөн хэрхэн ойлгогдож байна вэ?

-Тухайн үед хөнгөн яриа хэлбэрээр л яваад өнгөрөхгүй юу. Харин дараа нь уншиж, судалж үзэхэд үнэхээрийн сонин байсан. Яг надад хэлэх үед нь бол “Сонин зохиол байдаг юм байна, Д.Батбаяр багш үнэлж байгаа бол нэг зүйл байгаа” гэж л бодсон. Яагаад ч юм Кавабатагийн “Изүгийн бүжигч охин”-ыг уншихад нэг их айхтар сэтгэгдэл төрөөгүй юм.

“Мянган тогоруу”-г орчуулж дууссаны дараа эргээд харахад яахын аргагүй Нобелийн шагнал авахаар бүтээл байжээ гэдэг нь ойлгогдож байна. Яагаад гэвэл уншсан хүн бүр өөр, өөрийнхөөрөө тайлбарлаад байх юм. Өөр, өөрийнхөөрөө ойлгоод байх юм. Тэр их мундаг бичсэн зохиолын шинж. “Клабхаус” дээр саяхан энэ зохиолын тухай яриа өрнүүлэхэд хүмүүс мөн янз, янзаар ойлгочихсон, “Ингэж мэдэрсэн маань зөв үү” гээд асууж байх жишээтэй.

-Та Д.Батбаяр гуайтай үзэл санааны хувьд юун дээр ижилсэж, амьдралынх нь сүүлийн жилүүдэд ойр ажиллаж байв?

-Нэгдүгээрт боловсролын чиглэлээр бид нэг зүг рүү хардаг байсан. Хоёрт, уламжлалаа, нүүдлийн соёл иргэншлээ олж харах, ойлгон танихад надад Д.Батбаяр багшаас сурсан зүйл их бий. Цаашлаад сайн бүтээлийг үнэлэх нүдтэй болоход нэлээд суралцсан байх.

Бид багш нартайгаа аялалд гарна, энэ үеэр хүүхдүүд хөдөөгийн наадам үзэж, өөрсдөө хуруудаж, дэмбээддэг. Тэгж орон нутгаасаа хүнийг, уламжлалыг хайрлах сэтгэлийг хүүхдүүддээ ойлгуулахыг хичээдэг л дээ. Энэ үеэр багш их сайхан зүйлс ярина. Ер багш өөрөө гоё, гоё үг их хэлдэг. “Хүүхдэд баллах эрхийг нь олгооч” гэнэ. Бид хүүхдүүдийг буруу бичээд баллахад нь “Буруу бичиж болохгүй, анхнаасаа зөв бич, доогуур нь зур” гээд эхэлдэг шүү дээ. Тэгвэл багшийн зөв. Харандаагаар бичүүл. “Хүүхэд өөрийнхөө хийсэн зүйлийг баллах эрхтэй байх ёстой” гэж тэр хэлдэг байсан. “Монгол хүүхэд эхлээд хөлд ордог, дараа нь хэлд ордог. Тэгээд тусад ордог юм. Одоо том болсон ч тусад ороогүй хүмүүс явж байна” гээд инээж байсныг нь санаж байна. Гэх мэт мундаг үгс нь одоо ч бодогдож явдаг.

-“Мянган тогоруу”-г танд онцгойлон санал болгосон нь тодорхой шалтгаантай байсан байж таарна. Өөрөөс нь ч, танаас ч шалтгаалсан шалтгаан. Д.Батбаяр гуайн хувьд энэ нь юу байсан бол гэж одоо бодож байна вэ?

-Бүтээл өөрөө араг ястай. Сайн зохиолч тэр араг ясыг сайтар  нуудаг. Харин сайн уншигч эсрэгээр нь тэр араг ясыг олж харахаар бүтцийг нь задалдаг. Ингэж сайн зохиолч, сайн уншигч хоёрын харилцаа эсрэгцсэн урсгал дээр явж байдаг онцлогтой. Энэ утгаар нь харвал “Мянган тогоруу”-гийн амин чанар нь араг ясаа маш сайн нуусанд байгаа юм. Кавабата Ясүнари нуусан учраас 1000 хүн уншихад 1000 өөрөөр ойлгосон байх гэж бодож байна. Хоёрдугаарт, энэ бүтээл зөв ёс суртахууныг номлоогүй. Зөв ч юм шиг, буруу ч юм шиг сонин ертөнцийн тухай бичсэн. Ёс суртахуун гэдэг сэлмээр далайж, хэнд ч номчирхож аливааг заагаагүй. Тэр нь өөрөө их сонирхол татахуйц. Өгөөжтэй, хүний сэтгэлгээг задалж байна. Тэгсэн мөртлөө ёс суртахууныг хүчээр номлоогүй. Гуравт нь, Япон гэдэг өвөрмөц ертөнцийг нээж буй явдал. Цайны ёслолын шавар аягыг хараад л хүний ертөнц яаж холбогдож, юу юу мэдрэгдэж байна гэдэг их сонин.

-Нэгэнт орчуулж гаргасны дараа ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-“Амьд ахуйд нь орчуулж гаргаж амжсангүй дээ” гэсэн харамсал төрсөн. Дээр нь нэмээд Д.Батбаяр гуайн өндрөөр үнэлж байсан энэ бүтээл монгол уншигчдад хүрлээ. Энэ хамгийн чухал, хангалуун мэдрэмж. “Мянган тогоруу” дахь гоо зүй, утга зохиолыг үнэлэх нүд тэр чигтээ монголчуудад ирлээ. Зүүн Азиас Нобелийн шагнал авсан анхны хүний бүтээлийг бид эх хэлээрээ унших боломжтой боллоо.

-Боловсролын салбараас гадна улс төрд хүч үзэж буй завгүй цаг үед ер уран зохиолын ном орчуулахаар барьж авна гэсэн төлөвлөгөө байсан уу?

-Уран зохиолын орчуулга орчуулгын хамгийн хүнд төрөл шүү дээ. Яагаад гэвэл утгыг нь бариад л тэр зохиолыг өөрөө шинээр бичиж буй. Орчуулагч хүнээс их эрх чөлөө шаарддаг. Гэхдээ “Мянган тогоруу”-г унших явцдаа монгол уншигчдад танил дотно, ойр тусах нэг амин чанар байгааг нь олж харсан. Энэ бол япон, монгол хүмүүсийн цаг улирлыг нарийн мэддэг, мэдэрдэг чанар. Японд дөрөв биш 24 улиралд цагийг хуваадаг. Манайд бас адил. Буга урамдах сар, хорхой хөдлөх сар гэх мэтээр нэг сарын хоёр хувааж үздэг. Ингэж нарийн ажиглаж, нүүдэл суудал, бэлчээр нутгаа хараалж байдаг ард түмэн. Гэтэл Японы ертөнц мөн улирлын өөрчлөлтийг нарийн мэдрэг ажиглаж, суурьшмал амьдрал ахуйгаа хөтөлж ирсэн онцлогтой нь уг зохиолоос ойлгогдоно.

Хоёрдугаарт, би урьд нь “Салхи зүссэн хөвгүүн”, “Зэрлэг галуу”, “Цагаан буга” зэрэг уран зохиолын бүтээлүүдийг орчуулж байсан удаатай. Хүнд л дээ. Гэхдээ хүмүүс их нааштай хүлээж авсан. “Ойлгомжтой байна, гадаад зохиол уншиж байгаа юм шиг санагдсангүй” зэргээр хэлж байсан. Үүнд нь бас урамшчихгүй юу.

-Кавабата бусад япон зохиолчидтой харьцуулахад санаа нь ил, амьдралд ойр, агуулга нь уншигчид өгөөжтэй санагдсан. Ихэнх модерн япон уран зохиол ихэвчлэндээ абсурд, далд утга чанартай анзаарагддаг. “Мянган тогоруу”-гийн монгол уншигчдад өгөх өгөөж нь юу юм бэ?

-Өгөөж талаас нь харахад, би жишээ нь Мүраками Харүкид жаахан шүүмжлэлтэй ханддаг. Сонирхолтой л болохоос өгөөж их багатай гэмээр. Харин Ишигүро Казүо их мундаг юм билээ, “Аргагүй Нобелийн шагнал авахаар зохиолч юм байна” гэж бодсон. Би ганцхан зохиолыг нь уншсан л даа. “Remains of the day” гэж.

-Манайд “Өдрөөс үлдсэн зүйл” нэрээр орчуулсан байгаа.

-Аан, тийм үү. Энэ бол дээд зэргийн найруулгатай, хоёрт санаа нь ч их мундаг зохиол юм билээ. Дэлхийн 1-2-р дайны хооронд Герман гэдэг улсыг Английн язгууртнууд хэрхэн авч үзэж буй тухай зөрчлийг энгийн бойдаагийн нүдээр харж бичсэн. Зохиол жаргах нарыг харж буйгаар дуусдаг шүү дээ. Энэ нь Английн эзэнт гүрний сүр хүч нэгэнт буурлаа гэдгийг илтгэсэн шиг. Шилтгээний эзэн хүртэл америк хүнээр солигддог шүү дээ. Өөрөөр хэлбэл цаагуураа маш их жинтэй, нэг үгээр Английн эзэнт гүрэнд тавьсан дүн юм байна гэж харсан.

Кавабата Ясүнаригийн энэ зохиол мөн их өгөөжтэй. Нэгдүгээрт, цайны ёслол гэдэг япон ардын өвөрмөц ертөнцийг нээж байна. Хоёрдугаарт, зүгээр л тэр нэг шавар аягыг гол дүр болгоод, түүгээрээ хүний амьдралын, хүмүүс хоорондын төвөгтэй харилцааг илэрхийлж байгаа нь сонин. Мөн бас л хуучин ёс заншлаа ёгтолсон зохиол. Чикакогийн дүр амьдралд их ойр, газар дээрээ гишгэж буй хүн шиг  харагдана. Би ч тэр дүрд их хайртай. Гэхдээ тэр “Цайны ёслол ийм л байх ёстой” гэсэн тогтсон хандлагаар, ямар ч бодох юмгүй, автоматаар үйлдсээр байгаа. Тэгэхээр хуучин ёс заншлаа нэлээд егсөн, ёгтолсон байна гэж харсан. Бичигдсэн цаг хугацааны хувьд мөн Япон улс дайнд ид ялагдаж, эдийн засаг нь хиар цохиулсан, уламжлалт соёл, зан заншилдаа эргэлзэж хандаж байсан үе. Улс орон сүйрч, ялагдаад, харийн эрхшээлд ороод ирэхэд гутранг үзэл бий болдог. Түүний нэг илрэл ч юм болов уу гэж харж байгаа.

-Аавынх нь нэгэнт туулсан хувийн амьдрал хүүд шууд нөлөөлж буй зэрэг нь том, жижиг хүрээндээ уламжлалт ёс, шинэ залуу үе хоёрын зөрчлийг харуулж буй байх. Энэ зөрчлийг монголчууд дээр буулгавал та хэрхэн харж байна вэ. “Хуучнаасаа сал, эцэг эхээсээ чөлөөлөгд” гэж уриалдаг хүмүүс бий?

-Ер байгальдаа ээлтэй байх, амьдралын ухааныг тэндээс, аз жаргалыг хүмүүс хоорондын энгийн харилцаанаас олдог нь монголчуудын уламжлал гэж хардаг. Эндээс авах юм маш их бий, үүндээ л бид үндэслэж хөгжих учиртай. Энэ үүднээс тийм үзэл санаатай би 100 хувь эсрэгцэнэ. Нөгөө талдаа гэр бүлээ хайрладаг энэ сэтгэл бол ерөөс монголчуудын нэг онцлог. Монгол хүүхдийг бага сургуульд ээжийнхээ тухай зохион бичлэг бич гэхэд яадаг гээч. 80-90 хувь нь “Ээж ээ, намайг уучлаарай” гэж бичдэг. “Би таныг их зовоосон байна” гэж. “Таныхаа ачийг яаж хариулна даа, ирээдүйд сайн хүн болно” гэсэн үгс их байдаг. Энэ бол ерөөс бидний сэтгэлгээ. Гэр бүлдээ элгэмсүү, ээж аав, эмээ өвөөдөө хайртай. Хүний сайн чанар, үүнийг үгүйсгэж болохгүй.

Хятадын коммунист намын гол бүтээлүүдийн нэг, Ба Жиний “Гэр бүл” гэж зохиол бий. Түүнийг уншвал уламжлалт гэр бүлийг үгүйсгэж, коммунист болж буй нэг нөхрийн тухай гарна. Хятад улс гэр бүлийн амин чанарыг эсрэг ямар их зүйл хийсэн, энэ тэгээд юунд хүргэв. Хамгийн хурц хэлбэр нь Соёлын хувьсгал шүү дээ. Бүгд Маогийн хүүхдүүд. Түүнээс чи миний аав биш, хувьсгалын эсэргүү. Иймд би аавыгаа барьж өгнө. Миний аав хоёр ширхэг будаа хаялаа. Ард түмэн өлсөж байхад миний аав хувьсгалын эсэргүү, барьж өгнө. Ингэж явсаар БНХАУ юу болсон бэ, сүйрсэн шүү дээ. Тэгээд уламжлалт гэр бүлийн сэтгэлгээ рүүгээ эргэж орсон. Одоо хүчирхэгжиж байна. Тэгэхээр энэ бол хортой үзэгдэл, хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

-Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ сонголтыг боомилж байвал яаж харах вэ. Хүчээр мэргэжлийг нь сонгож, шашин шүтлэгээ тулгадаг ч юм уу?

-“Биеийг нь төрүүлсэн болохоос санааг нь төрүүлэх биш дээ”. “Эхийн санаа үр, үрийн санаа ууланд”. Монголчууд аль хэдий нь зөвшөөрчихсөн байна шүү дээ. “Эр хүн санасандаа, эмээлт морь харайсандаа”. “Тугалган жад нугарахдаа амархан, туйлбаргүй хүн шантрахдаа амархан”. Ингэж хэлдэг л гэр бүлийн харилцаа байсан байна шүү дээ. Гэтэл одоо чи тийм, ийм болох ёстой гэж хүүхдэдээ тулгадаг явдал бол орчин үед бас нэг сүүдэртэй тал болоод байна. Хүүхэд багаасаа эрх чөлөөтэй, хувь хүн болж төлөвших үйл явцад эцэг эхчүүд их ухаалаг хандах ёстой л доо. Гэхдээ бүх гэр бүл тийм болчхоод байна уу гэвэл үгүй шүү дээ.

-Та боловсролын салбарт, яг эцэг эх, хүүхдүүдийн харилцаанд ойр ажилласан туршлагатай. Хэдий хүүхдийнхээ боловсролд анхаарч буй боловч үргэлж мэдлэгээр ачаалах нь эргээд хүүхэд насыг нь үгүй хийдэг гэх шүүмжлэл бий?

-Үүн дээр 100 хувь өөртэй чинь санал нэг байна. Зарим эцэг эхчүүд хүүхдийг хэт их гартаа оруулах гэдэг, сургууль нь ч нөгөө талаас мэдлэгээр дараад л. Хүүхэд насаа алдана шүү дээ. Олимпиадад түрүүлэх биш, гол нь хүн болж хүмүүжих чухал. Нөгөөтээгүүр, хүүхдүүд өөрсдөө сургуулийн орчинд бичил нийгэм бий болгож байдаг. Нэг ангид 25-30 хүүхэд байлаа гэхэд тэр нэг нийгэм. Энэ дотор бие биенээсээ суралцана гэдэг маш том агуулга. Тэгэхээр сургууль дээр их цаг өнгөрөөх тусмаа хүүхэд насаа алдлаа гэж харах нь бас буруу. Харин эцэг эхчүүд хүүхэд өөрөө өөрийгөө бий болгох боломжийг нь олгодог байх хэрэгтэй гэдэг талаас нь л харах зөв юм.

-Хүн болох нь л чухал. Тэгвэл үүнд уран зохиол ямар үүрэгтэй, хэрэгтэй байдаг талаар ярья л даа. Та багадаа уран зохилоор хэр хүмүүжсэн хүн бэ?

-Бидний үеийнхэн бол уран зохиолоор л хүмүүжсэн улс. Тоглох тоглоом ховор, хүүхэд сатаарах зүйл багатай цаг байсан. Нэг бол гадаа тоглоно, эсвэл ном уншина. Надад багадаа уншсан “Гулливерийн аялал”, “Робинзон Крузо” зохиолууд их нөлөөлсөн. Уран зохиол уншиж, ертөнцийг харах нүдээ тэлдэг юм байна гэж ойлгосон. Робинзон Крузо хорин хэдэн жилийн дараа аврагддаг шүү дээ. Ингээд усан онгоцноос бууж ирсэн хүмүүс англиар ярихыг сонсоод “Аялгуу сайхан англи хэл минь ямар сайхан сонсогдоно вэ?” гэж дуу алддаг. Тэр үед орос хэл л гэж мэддэг байсан тул  би “Англи гэж ямар хэл байдаг юм бол” гэж гайхаж байснаа санаж байна. Ерөөс хүн уран зохиолын ертөнцөөр аялж, өөрийнхөө ертөнцийг тэлдэг юм байна. Амьдралын туршлага гэж бий. Хоёр янзаар үүнийг олно. Нэг нь өөрийн биеэр давж туулах. Нөгөөх нь бол номын ертөнц л байхгүй юу. Номын ертөнцөд харин ямар нэг хил хязгаар байхгүй. Ном мэдээж бодит амьдралаас урган гарна. Хувь хүний амьдралын туршлага бол өчүүхэн, номоор дамжуулж хүн үүнийгээ томруулж байдаг.

Түүнчлэн номыг үнэлж, цэгнэж сурсан хүн бол боловсролтой хүн. Ухаандаа, энэ бол сайн ном байна. Энэ бол базаахгүй ном байна гэж цэгнэж сурна гэдэг боловсролын хамгийн чухал чанар. Энэ бие даасан сэтгэлгээтэй, үнэт зүйлийн үзэлтэй байна гэсэн үг.

-Танд сэдэвтэй холбогдуулан өөр дайж хэлмээр зүйл байна уу?

-Бид Японы уран зохиолын хувьд их оочин, цоочин ойлголттой байна л даа. Үндэс, суурьтай нь орчуулж, олны хүртээл болговол их сонирхолтой юм. Японд Виллиам Шекспиртэй нэгэн цаг үед бичиж байсан жүжгийн зохиолчид ч бий. Энэ бүгдийг орчуулж хүргээсэй, энэ үндэстнийг ойлгох, мэдрэх асуудал руу манай Япон судлаачид ороосой гэж бодож явдаг. Нобелийн шагнал аваагүй ч авсны дайтай олон зохиолчтой нь монголчууд танилцаагүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч М.Тэнгис

Зургийг С.Боргил

Эх сурвалж: Эгүүр.мн, 2020 оны 07 дугаар сарын 06