Эрхэм сонгогчид оо, ЗАРЧИМГҮЙ, ЁС ЗҮЙГҮЙ УЛС ТӨР монгол хүний хөгжилд чөдөр, жаргалд тушаа болж, улам цаашлаад улс гэрийн аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлэх хэмжээнд хүрлээ. “УИХ, Засгийн газар тэр чигтээ ёс зүйгүй улсаар дүүрсэн байхад ганц би ороод юуг өөрчлөх юм” гэсэн АРЧААГҮЙ СЭТГЭЛГЭЭ өнөөдрийг хүртэл олон сайхан залуусыг улс төрөөс хөндийрүүлж, олигархиудын засаглалыг бэхжүүлэв. “Улс төрд би ганцаараа шударга ёсны төлөө үзээд яагаад ч дийлсэнгүй” гэсэн өөрийгөө өмөөрч, хариуцлагаас мултрах АРЧААГҮЙ ХАНДЛАГА шинэ тулгар улс төрийн хүчинд итгэх иргэдийн итгэлийг сулруулж, эрх баригчдын тогтолцоог бэхжүүлж ирснийг одоо яав ч зүгээр орхиж болохгүй ээ. Ганцаар чи намаг балчигт орсон ч ЗӨВ ХҮН, зөв ёс суртахуунаа алдах учиргүй. Ийм зөв хүмүүс Монголын нийгэмд ЗӨВ-ийг авчрах их хүчийг заавал олно, томоохон өөрчлөлтийг төрүүлнэ гэдэгт би хатуу итгэдэг. Тооны олон цөөн нь хамаагүй ЁС ЗҮЙТЭЙ ЗӨВ ХҮН зөв цагийг авчрах АГУУ ҮЙЛСИЙН хүрдийг эргүүлнэ гэсэн энэ хатуу итгэл бидний улс төрд баримтлах үндсэн зарчим болно.

Зөв хүн-Электорат эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулан өнөөдөр Монголын сонгогч иргэддээ танилцуулж байна. Уг мөрийн хөтөлбөр нь олныг цочоосон бэлэн мөнгөний хоосон амлалтгүй, гагцхүү монгол хүн монголоороо байж, өөрийн хүчинд тулгуурлан баян чинээлэг дунджуудын тоог нэмэгдүүлэхийг зорьсноороо ШИНЭ ЦАГИЙН өнгө төрхийг тодорхойлж байна. Бид БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДЭЭ тэтгэх замаар ХҮНДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, хүн хэмээх эрхэм дээд баялгийг ашиглан ДЭЛХИЙН ТЕХНОЛОГИЙГ түрүүлж эзэмшин, БАЙГАЛЬД ОЙР Монголын хөгжлийн загварыг дэлхийд харуулахын тулд чармайн ажиллана аа. Энэ бүхнийг БАЯЛГАА ЗӨВ УДИРДСАН монголын иргэд, АВЛИГАГҮЙ, ЦЭВЭР ТУНГАЛАГ ТӨР хэрэгжүүлэх учиртай. Эдгээр таван бүлэгт хуваагдсан манай эвслийн мөрийн хөтөлбөр ХҮНДЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАХДАА дараах зүйлийг онцолж байна.

ХӨГЖЛИЙН ШИНЭ ХУУДСЫГ ЭРГҮҮЛЭХ ЗӨВ ХҮН, ЗӨВ БАГИЙГ бүрдүүлэн хөгжлийн шинэ шатанд улс орноо гаргаж, дэлхийд нэр хүндтэй орших Монгол Улсаа хөгжүүлнэ. Монгол хэл, соёл, ахуйгаа дээдэлдэг, орчин үеийн боловсрол, технологи, гадаад хэлийг эзэмшсэн, эрүүл, зөв МОНГОЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ хамгаас тэргүүнд тавина.

ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ. Амьдралын баталгааг хангах, ирээдүйд зориулж хуримтлал хийх тэтгэврийн даатгалын суурь болон хувийн хуримтлалын тогтолцоог шийдвэртэй нэвтрүүлнэ. Монгол хүн тэтгэвэрт гарснаар ядууралд орох ёсгүй.

Хөгжлийн суурь үндэс нь БОЛОВСРОЛ билээ. Багш нарын цалин хангамжийг нэмэгдүүлэн, тэднийг нийгмийн чинээлэг дундаж давхаргад хүргэж, багш нарын чадварыг эрс дээшлүүлэхийг нийгэм биднээс шаардах болов. Чадварлаг багшийн гар дээрээс Монголын ирээдүйг авч явах томоохон мэргэжилтэн, боловсон хүчин, агуу хүмүүс төрөн гарна. Сайн боловсролоос сургуульд итгэх итгэл сэргэж, итгэлээс итгэлцэл, итгэлцлээс төр нийгмийн хамтын түншлэл бэхэжнэ.
САЙН СУРГУУЛИЙГ ТАНЫ ДЭРГЭД БИД АВЧИРЪЯ. Чанартай боловсрол хүнийг хөгжүүлж, хүн нь улсаа хөгжүүлдэг нь хөгжлийн жам юм. Дээд боловсролд академик эрх чөлөө, сургуулийн улс төрөөс ангид бие даасан байдал, эрүүл өрсөлдөөн, төр-хувийн хэвшил-судалгааны түншлэл буюу ИННОВАЦИ өнөөдөр нэн чухал байна. Энэ бүхний төлөө бид зүтгэе. САЙН БАГШ НАР МОНГОЛЫН ЭРДЭНЭ, САЙН БОЛОВСРОЛ МОНГОЛЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ билээ.

Эмнэлгийн ажилтан, багш, албан хаагч нарын эрх зүйн статусыг бататгаж, тэдэнд зориулсан тусгайлсан хуулийг гаргаж, амьдрал ахуйг нь дээшлүүлж, эрүүл мэнд, боловсролын чанарыг цогц байдлаар өөд нь татаж, АВЛИГАГҮЙ ТӨРД итгэх ард түмний итгэлийг бид сэргээнэ ээ.

ТАНЫ ИТГЭЛ БИДНИЙ ЗҮТГЭЛ.