Асуулт: Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) нөхөн сонгуульд ямар зорилготой оролцож байна вэ?

НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг:Хөдөлмөрийн үндэсний нам-Зөв ХҮН электорат эвсэл энэ удаагийн нөхөн сонгууль болох Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт ХҮН намын УЗ-ийн дарга Бадрахын Найдалааг нэр дэвшүүлсэн. Бидний зорилго маш тодорхой. Улс төрийн нөхцөл байдлын хувьд нэг нам УИХ-д үнэмлэхүй олонх болчихсон төр засгийн бүх эрх мэдэл төлвөрчихсөн байна. Тэдэнд эрх мэдэл, УИХ-ын суудал дутаагүй. Эрүүл, чадалтай сөрөг хүчний дуу хоолой хяналт дутагдаж байна. Ард түмэн, сонгогчид эрүүл, чадалтай сөрөг хүчний дуу хоолойг хүсэж байна. Тэгэхээр бид энэ орон зайг нөхөж, хяналт тавьж эрүүл дуу хоолой болох зорилготой оролцож байна. Тиймээс ч бид энэ зарчмыг барьж Хэнтий аймагт бусад сөрөг хүчин болох намуудтай санал хуваалгүй, зөвхөн Сонгинохайрхан дээрээ төвлөрөн ажиллаж байна.

Асуулт: Танай нам нөхөн сонгуульд ямар бүрэлдэхүүнтэй ажиллах гэж байна вэ?

НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга:Бид Хэнтий аймагт нэр дэвшигч дэвшүүлээгүй. Тэгэхээр Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрог дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Сонгуулийн штабыг ХҮН-аас нийслэлд сонгогдсон гурван төлөөлөгч болох П.Ганзориг, П.Наранбаяр болон Д.Гантулга миний бие удирдаж ажиллана. Би нэр дэвшигчийн ерөнхий менежерээр ажиллана. 28-р тойрог нийт 26 хороотой. Хороо бүр дээр манай намынхан ажиллана. Өөрөөр хэлбэл, ХҮН анх удаа иргэн бүртэйгээ тулж уулзах боломжтой сонгууль болж байгаагаараа онцлог. Бид Хэнтий аймагт нэр дэвшигч дэвшүүлээгүй учир бүхэл бүтэн эвсэл бас намаараа нэг тойрог дээр төвлөрөн ажиллах боломжтой болсон сонгууль болно.

Асуулт: “Зөв ХҮН электорат эвсэл” энэ удаагийн нөхөн сонгууль болох Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт Бадрахын Найдалааг яагаад нэр дэвшүүлэв?

НИТХ-ын төлөөлөгч П. Наранбаяр:Бадрахын Найдалаа бол танигдсан улс төрч, ХҮН-ийг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол ХҮН ДЭЭД үзлийг боловсруулагчдын нэг гэдгээр нь мэднэ. “Монгол хүний товчоон” хамтарсан бүтээлээрээ маш олон сонгогчдод танигдсан. Түүний зэрэгцээ Бадрахын Найдалаа Сонгинохайрхан дүүрэгт танигдсан байдлаараа ч, бусад социологийн судалгаагаар ч өндөр гарч ирсэн. ХҮН, “Зөв ХҮН Электорат” эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд маш амжилттай ажилласан. Улс орон даяар 20-иод хувийн санал, нийслэлд дунджаар 30-аас дээш хувийн санал авсан нь улс төрийн хоёрдогч хүчин болсныг харууллаа. Ийм учраас энэ сонгуулийг сонголттой байлгах, олон нэр дэвшигчдээс боловсролоороо, бусад зүйлсээрээ ч эрс ялгарч байгаа, өндөр боловсролтой, сэтгэлтэй, эх орныхоо төлөө зүтгэх чадварлаг боловсон хүчнийг бид нэр дэвшүүлэх ёстой гэж үзээд, тогтсон хууль дүрэм журмынх нь дагуу Бадрахын Найдалааг нэр дэвшүүлсэн юм. Бадрахын Найдалаагийн сонгууль дээр өнөөдөр Нийслэлд ХҮН-аас сонгогдсон 3 төлөөлөгч гурвуулаа менежерээр ажиллаж байгаагаараа онцлог. Бид энэ богино хугацаанд  ХҮН гэдэг нэгэн цул хүч болж, эв нэгдэл нягтралтай ажиллаж, сонгогчдоо хүрч хүний төлөө байх, сонгогчдынхоо дэргэд байж, дуу хоолой нь болж ажиллахыг үзүүлнэ гэж бодож байна.