Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй Дангаасүрэнгийн ЭНХБАТ гуайг дэмжиж үг хэлэх завшаан олгосонд баярлалаа. Сэтгэл шингэсэн сайхан нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Нийслэлийн 9 дүүргийн ХҮН-ын хороод, түүний дотор Пүрэвцогт даргатай БЗД-ийнхэндээ халуун талархал илэрхийлье. Монгол Улс даяар Ерөнхийлөгчийн сонгууль хэмээх энэхүү нүсэр үйл ажиллагааг төсөр арга, шинэлэг байдлаар зохион байгуулж буй Төв штабынхан, эвслийн удирдлага, нэр дэвшигчийн олон жилийн хамтран зүтгэгч нарт талархал илэрхийлж, баяр хүргэе.

Миний бие энд Монголын мянга мянган багш нар, боловсролын байгууллагын ажилтнуудын төлөөлөл болон зогсож буйдаа баяртай байна. Боловсролын салбар бол өнөө цагт байгаа ирээдүй юм. Төрөөс тус салбарт хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр бид илүү гэрэлтэй, илүү чадварлаг, найдвартай ирээдүйг бий болгох учиртай. Өнөөдөр боловсролоо өөд нь татъя гэвэл багшид нь хөрөнгө оруул. Сайн багш сайн сургуулийг бүрдүүлж, сайн сургууль сайн ирээдүйг бий болгодогт миний бие хатуу итгэдэг.

Энхбат нэр дэвшигч сайн менежер төдийгүй сайн багш юм. Түүний зөвлөн тусалсан олон хүн өнөөдөр тус тусынхаа салбарт манлайлж байна. Мөн Энхбат багшийн санаачлан Монголд нэвтрүүлсэн Хан Академи төсөл амжилттай хэрэгжиж боловсролын шилдэг агуулгыг монгол хэлнээ орчуулж, хичээлийн сан үүсгэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм.

“Далд киррикилюм” гэсэн ойлголт байдаг. Энэ нь цаасан дээр бичигдээгүй ч бодитой оршин буй хичээлийн хөтөлбөрийг хэлдэг. Энгийн үгээр хэлбэл багш хүний үлгэрлэл юм. Тийм байх ёстой, ийм байх учиртай гэж сайн сайхныг амаараа сургах хэрнээ, цаагуураа буруу үйлдэл хийж, буруу үлгэрлэл үзүүлдэг “муур багш” боловсролын салбарт байж болохгүйг хэлсэн хэрэг. Ухаандаа хог хаяж болохгүй гэх хэрнээ өөрөө хог хаяад яваад байдаг багш байлаа гэж бодъё. Шавь нь хаа нэгтээ харж л байдаг. Тэгээд худал хуурмагийг багшийн үйлдлээс сурдаг. Энэ асар хортой. Тэгэхээр “далд киррикилюм” хамгийн чухал байх нь.

Улс төрд ч бас энэ хамаатай. Аман дээрээ төр түмний төлөө, шударга ёс гэж хашгирах хэрнээ ачир дээрээ өөрөө хэргийн эзэн хэнгэргийн дохиур болж, далдуур муу муухайг үйлдэж байдаг улс төрчид харамсалтай нь энэ цаг үед дэндүү олширчээ. Тэдний үг, үйлдэл бүрийн зөрүүг ард түмэн илхнээ мэдэж, харж л байна. Тэд л өөрсдөө чихээ бөглөөд хонх хулгайлдгийн үлгэрээр баригдаагүй, болж байна гэж өөрийгөө хууран, төрөөс хулгай хийн явсаар байна. Гэтэл 30 жилийн хугацаанд түмэн олон хэрсүүжиж, үнэнийг хайх, мөн чанарыг нь харах нүдтэй болсон юм шүү. Бузар булайгаа далдуур хийсээр ардаа үлдээсэн “хар мөр”-өө тийм улс төрчид баллаж дийлэхгүй ээ.

Энхбат гуай бол “далд киррикилюм”-ийг утгаар нь хэрэгжүүлэгч хүн. Түүний туулсан амьдрал, явсан замд хар мөр үгүй. Түүнд хоёр нүүр гаргаж, дүр эсгэх шаардлага алга. Дотроо ч гаднаа ч сайхан хүн. Байгаа юм байгаагаараа сайхан. Энэ утгаараа бол жинхэнэ БАГШ мөн. Энхбат гуай өнөөдөр Монголын улс төрд гэгээ татуулж, ард иргэддээ итгэл найдварыг бэлэглэн энд зогсож байна.

Монголын нийгэм ч ийм л хүнээ Ерөнхийлөгч болгож, Ерөнхийлөгчийн шинэ жишиг, сайн жишээ, сайн загвар, сайн үлгэрлэл, сайн өв, цагаан мөрийг бий болгох цаг нь болжээ. Одоо биш бол сайн цаг ирэх мөчлөг ахиад 6 жилээр хойшлох нь. Одоо биш бол Монголын төр нэг намын ноёрхолд орж, “муур багш”-аар дүүрэх нь ээ.

Энхбатыг дэмжиж саналаа өгцгөөе. Одоо биш бол хэзээ гэж? Ерөнхийлөгчөөрөө бахархаж, улс төрдөө итгэж болдог шинэ цаг, сайн цагийг зөвхөн таны сонголт авчирна. ЭНХБАТЫГ ДЭМЖИЦГЭЭЕ. МОНГОЛЧУУД ЧАДНА АА.

П.Наранбаяр, 2021 оны 5-р сарын 24