Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Хүний хөгжлийн хороо гэж байдаг. Тус хороог миний бие ахалдаг юм. Эрхэлдэг асуудал нь Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэр үйлчилгээ, аялал жуулчлал, нийгмийн даатгал гээд олон салбарыг хамаарна.

Тус хорооны ээлжит 4-р хуралдаан өнөөдөр болов. Нийслэлийн иргэдийн 10 төлөөлөгч тус хороонд харьяалагддаг. Өнөөдөр бид чөлөө авсан 1 төлөөлөгчөөс бусад 9 төлөөлөгчийн оролцоотойгоор хуралдаанаа явууллаа. Ер нь тус хорооны хуралдаан 80-100 хувийн ирцтэй явагддаг.

Өнөөдрийн хуралдаанд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар (http://job.ubbirj.ub.gov.mn), Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн (http://jdu.ub.gov.mn) үйл ажиллагаа, Үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явцыг ярилцав.

Дээрх линкийг дараад ороод үзээрэй. Ажлын байрны зар, ЖДҮҮ-г дэмжих ЖДҮҮ академи сургалт, ментор хөтөлбөр, виртуал оффис гээд ИРГЭН танд хэрэгтэй мэдээлэл олон бий. Нийслэлийн хэмжээнд 43246 ЖДҮ бүртгэлтэйгээс 94 хувь нь цар тахлын энэ үед үүд хаалгаа хаахад хүрээд байгаа эмгэнэлтэй мэдээг дууллаа. НХЭГ-ын мэдээлснээр 18-34 насны 5364 иргэн нийслэлд хүнсний эрхийн бичиг авч амь зуудаг юм байна. Эдгээр иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд зуучлах, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэсэн бодлогыг баримталж буйгаа төрийн түшмэд бидэнд ярилаа.

Нэг ч гэсэн ААН хаалгаа битгий хаагаасай, нэг ч гэсэн иргэний бизнес битгий хаагдаасай, нэг ч гэсэн ажлын байр битгий хорогдоосой. Ийм л сэтгэлээр бид зүтгэнэ.#ХаламжаасХөдөлмөрт